Зээлээр хэрхэн ашигтай хөрөнгө оруулалт хийх вэ?
Мөнгө олж чадаагүй хүн үрж бас чаддаггүй гэсэн хэлц байдаг. Энэ нь мөнгө, санхүүжилт олохоос түүнийг зөв зүйтэй зарцуулах, ирээдүйд ашигтай үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх нь амар зүйл биш гэдгийг илтгэж байна. Тэр тусмаа эргэн төлөгдөн хугацаа нь өдөр, сараар тодорхой, дээр нь мөнгөний хүү нэмж төлөх зээлийн зарцуулалтад хариуцлагатай хандах нь зүйтэй. Иймд зээлдэгч зээл авахаас өмнө тухайн зээлийн зарцуулалт, эргэн төлөлтийн хугацаа бүрд хамаарах орлогыг тодорхойлсон байх нь чухал. Үүнд ирээдүйд гарч болох эрсдэлийг заавал тооцож үзээрэй. Улирлын, бизнесийн, цаг үеийн зэрэг гарч болох эрсдэлийн үед зээлийн эргэн төлөлтийг тогтмол хийж байх хуримтлал, нөөц санг бий болгох нь Таны ажил, амьдралыг тогтвортой байлгаж улмаар орлого ашиг нэмэгдэх цаг, хугацаа сэтгэл санааны боломжийг олгодог.
Хэрэв та санхүүгийн хариуцлагагүй, үрэлгэн байвал зээл тань өр болно. Харин нөгөө талаасаа зээлийн хөрөнгийг урьдчилан тооцсон зөв зүйлд зарцуулбал үр ашгийн хөшүүрэг болно. Хүн бүр, аж ахуйн нэгж бүр анхны болон явцын санхүүжилтээ зээлээр шийдсэн байдаг бөгөөд зээл бол одоо цаг үеийн нийгмийн өдөр тутмын энгийн харилцаа билээ. Харин хүн бүрийн хариуцлага, зээл авах хэрэгцээгээ тодорхойлох байдал нь харилцан адилгүй байдаг. Юутай ч зээл авсан хүн бусадтай адил юмтай, хэрэглээтэй байх бус бусадтай адил хариуцлага, тооцоотой байвал таны зээлээр бий болгох бүтээмж анх зээл авсан өдрөөс хэд дахин илүү байх болно. Учир нь аливаа машин техник өөрөө баялаг бүтээдэггүй. Баялагийг хүн бүтээдэг. Харин хүн хөдөлж, хөдөлмөрлөж байж л бүтээмж бий болно. Үүнд санхүүгийн нөөц зайлшгүй шаардлагтай болдог.